Манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсролын салбарт 2013 оноос “Дэлгэрэх цэцэгс цэцэрлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд “Хүчирхэг Монголын чадварлаг иргэдийг бид бэлтгэнэ” эрхэм зорилгын дор Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын салбарт хүчтэй өрсөлдөгч байж, мянга мянган иргэний ирээдүйг гэрэлтүүлэх туйлын зорилготойгоор итгэл дүүрэн ажиллаж ирсэн.
Япон улсад 1980 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, “СУПЕР ЦЭЦЭРЛЭГ” хэмээн Япон улсад төдийгүй Зүүн өмнөд Азид алдаршсан “ЁКОМИНЭ” сургалтын арга барилыг бид “ЁКОМИНЭ МОНГОЛ” нэртэйгээр франчайзингийн гэрээ байгуулан албан ёсны эрхтэйгээр 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад амжилттай нэвтрүүлэн өнөөдрийн байдлаар 2 салбар цэцэрлэг, 1 сургуульд 140 гаруй багш, ажилтан, албан хаагч, 800 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Цэцэрлэгийн бяцхан шавь нарын маань сургалтын үр дүн гайхалтай байж чадсаныг эцэг, эхчүүд болон 2019 оны төгсөлтийн баярыг Япон улсаас зорин ирж сонирхсон Ёкоминэ багш болон японы цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлууд өндрөөр үнэлж, гайхан биширч байсан нь манай хамт олонд маш их урам зориг, эрч хүч өгсөн юм.
Өнөөгийн даяаршиж байгаа нийгэмд Монгол хүний ялгарал чухам юу байж болох вэ? Ирээдүйд Монгол улс ямар чиг хандлагаар хөгжих вэ? Манай улс бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа боловсрол, хүмүүжлийг цогцоор нь хангалттай олгох системтэй байж чадаж байна уу? гэх мэт олон асуулт хөвөрнө... Үүнд л хариулт өгөхөөр бид бүхэн “Екоминэ” гэх энэхүү гайхалтай хөтөлбөрийг Монгол улсын боловсролын ЦӨМ хөтөлбөртэй хослуулан, үндэсний өв, соёлыг дээдэн эрхмэлсэн сургалтыг бий болгож урлаг, спортоор түлхүү хичээллүүлэх замаар Биеийн хүч, Сэтгэлийн хүч, Суралцах хүчийг бүрэн эзэмшсэн ирээдүй хойч үеэ итгэл дүүрэн даатгаж болох олон зуун иргэдийн суурь хүмүүжлийг цогцоор нь олгохоор зориг шулуудан “Монгол Алдар” ерөнхий боловсролын сургуулиа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нээн ажиллаж байна.
2021 онд үүсгэн байгуулагдахдаа 1, 2 дугаар ангийн 2 бүлэгт 43 сарагчтай эхэлж байсан бол 2022 онд 1-3 дугаар ангийн 7 бүлэгт 170, 2023 онд 1-4 дүгээр ангийн 11 бүлэгт 288, 2024 онд 1-5 дугаар ангийн 15 бүлэгт 420 сурагчтай болон өргөжиж, алдаа мадаггүй, оновтой, хүртээмжтэй, чанартай сургалтыг хэрэгжүүлэх замаар өөрсдийн гэсэн ялгарал бүхий ёс заншил, өв соёлоо эрхэмлэсэн “Монгол Алдар” хөтөлбөрийг бий болгохыг зорин ирсэн ба 2025 оноос хөтөлбөрийн агуулгын хувьд дунд сургууль болон өргөжих төлөвлөгөө гарган идэвхийлэн ажиллаж байна.
Үргэлж бидэнд урам зориг хайрладаг, энхрий бяцхан хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролыг даатган итгэл хүлээлгэдэг эрхэм хүндэт эцэг, эх, асран хамгаалагчиддаа баярлаж, талархаж явдагаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс илэрхийлье.
Монголын Улсын минь ирээдүй гэрэлтэй байна.