Хөдөлмөр зуслан

Монгол нүүдэлчид эх байгалиа хайрлан хүндлэх, түүний халдашгүй дархан чанар, эх ундаргыг ариун дашгин байлгах, өнө удаан ашиглах, авч өгөхийн ухаан, өсгөн үржүүлэхийн жам ёсыг баримталдаг зэрэг тоолж баршгүй олон давуу талтай тул Монгол хүн бүр дэлхийд ховор нүүдэлчин соёлоо гээлгүй үргэлжлүүлэн үр хүүхэд, хойч үедээ уламжлуулан хүргэх үүрэг хүлээсэн гэж хэлж болно.

Монголчууд нүүдэл суудал гэдгээ “ус урсах тусмаа тунгалагжиж, тогтох тусмаа бохирддог” хэмээх ойлголттой нягт холбон ухаарч ус, хужир, өвс ургамал тэгширсэн бэлчээр нутгийн сайныг сонгон, байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн ба үүний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн мянга мянган жилийн туршид Монголын газар шороо хөрсний эвдрэлд ороогүй билээ.

Энэхүү гайхамшигт өв, соёлоо өвлөн тээх, үргэлжлүүлэн өвлүүлэхийн их ухааныг сурагчиддаа мэдрүүлэх, шимтэн суралцах сэдлийг өгөх нь манай сургуулийн хөдөлмөр зуслангийн гол зорилго юм.